МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Технологи Дамжуулах Төв, ХШУИС-ийн Машин оюуны лаборатори, Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв хамтран зохион байгуулсан МУИС Стартап Лаб (MUIS Startup Lab) хөтөлбөр 3 сар хэрэгжиж, 9 сарын 23-ны өдөр Монгол-Японы Төвд Demo Day буюу хаалтын өдөрлөгөө хийсэн юм. Тус хөтөлбөр нь их сургуульд оюутны гарааны бизнесийг хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой, Монголдоо шагналын сан хамгийн өндөртэй уралдаан болсон юм. Энэ өдөр I шат буюу МУИС Хакатоноос шалгарсан 5 баг өрсөлдөж, өнгөрсөн 2 сарын хугацаанд сурсан зүйлсээ тайлагнасныг хүргэе.
ШҮҮГЧИД
Demo Day үйл ажиллагаанд гарааны бизнес амжилттай эрхэлж буй залуус шүүгчээр оролцсон юм:
-Монголын Үндэсний Маркетингийн Холбооны захирал, Startup Marketing Space-ийг хамтран үүсгэн байгуулагч Ж. Золзаяа,
-Үндэсний Стартап Сан ХХК-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э. Базаррагчаа,
-Анд Глобал ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Biznetwork.mn-ийг үүсгэн байгуулагч В. Баярсайхан,
-Dyberg/Kern-ийн Монгол дахь салбарын захирал, Үйтэм брэндийг үүсгэн байгуулагч Э. Халиун
PLEX TECHNOLOGIES
Хуулийн талын мэдлэг мэдээлэл иргэдэд тэр бүр хангалттай байдаггүй. Plex баг нь энэ асуудлыг шийдвэрлэн хүссэн газраасаа хүссэн цагтаа хууль эрх зүйн зөвлөгөө, туслалцаа авах LawU аппликейшнийг санаачилсан юм. Хэрэглэгч өөрт хамгийн ойр ухаалаг төхөөрөмжөөрөө дамжуулан өөрт хэрэгтэй хуулийн мэдээллийг авах боломжтой ба анхан шатны асуултуудад хариулах боломжтой автомат хариулагч зэргийг багтааснаараа онцлог юм. Хуулийн мэдлэгийг иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэх контентуудыг ч хүлээн авах боломжтой. Тус багийнханд BOW ХХК-аас өндөр хурдны, томоохон багтаамжтай серверийн хостингийн 1 жилийн эрхийг бэлэглэжээ.
MINDUP
Хүн бүрт ямар нэгэн байдлаар шинэ санаа байнга л төрж байдаг. Тэгвэл энэ санаагаа бусадтай хуваалцаж, хамт хэрэгжүүлэх багаа бүрдүүлэх, санал солилцох боломж олгох цахим талбар Mind Up-ийг бий болгох санааг тус баг гаргажээ. Залуучуудын мэдлэг чадвараа хөгжүүлэх, нээж таниулах, хамтарч ажиллах экосистемийг цогцлоохыг Mind Up-ийнхан хүсжээ. Та өөрийн санааг бусадтай хуваалцсанаар тал бүрийн салбарын хүмүүсээс санал зөвлөмж авах, бусадтай хамтарч ажиллах, танилын хүрээгээ тэлэх зэрэг олон боломжийг эдлэх боломж бүрдэнэ. Энэхүү платформ нь хувь хүний танилцуулгын хуудас болон самбар гэсэн 2 хэсэгтэй байх бөгөөд хэрэглэгчид самбар дээр шинэ санаа, санал бодлоо хуваалцаж байх юм.
ELEC
Харааны бэрхшээлтэй болон бага насны хүүхдүүдэд хөгжөөнт байдлаар үсэг нүдэлж, үг бүтээж сурахад зориулагдсан “дуут самбар” бүтээх санааг Elec баг гаргажээ. 35 үсгийг зургаан нүд бүхий самбарын нүдэнд байрлуулан үг бүтээж, харгалзах үсгийн товчлуур дээр дарахад тухайн үсэг дуугардгаараа онцлог. Мөн самбарын 2+2=3 гэж байрлуулахад “хариу буруу байна ” гэж алдааг засаж хэлж болдог. Хүүхдүүд өөрсдөө бие даан суралцахад чухал ач холбогдолтой энэ санаагаа үнэлүүлсэн Elec баг гуравдугаар байрт шалгарч, 1 сая төгрөгийн эзэн болсон юм. Мөн Болорсофт ХХК эхний гурван байрыг эзэлсэн багуудад өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрхийг бэлэглэв.
DADLAGA
Аж ахуй нэгж болоод оюутнуудын мэдээллүүдийг цуглуулж, боловсруулан зуучлах зорилго бүхий вэбсайт бүтээх санаа хөтөлбөрийн дэд байрыг эзлэв.Тус вэбсайтаар дамжуулан их, дээд сургуулийн оюутан өөрийн мэргэжлийн дагуу цалинтай дадлага хийн, туршлага хуримтлуулах боломжтой. Нөгөө талаас аж ахуй нэгж өөрсдийн боловсон хүчнээ бэлтгэх, хүний нөөцийн асуудлыг бага зардлаар шийдэх зэрэг давуу талтай юм. Олон улсад Intership буюу дадлага гэх ойлголтыг шинэчлэн нэвтрүүлэхийг хүсэж байгаа Dadlaga багийнхан илэрхийлж байв. Хоёрдугаар байрын шагналд тэд МУИС-аас 3 сая төгрөгийн санхүүжилтийн эрх, нэг жилийн дундын оффисийн нэг эрх хүртсэн бол шүүгчдээс мөн хэд хэдэн бэлэг авсан юм. Тухайлбал, Startup Terminal-аас дундын оффисийн 3 сарын эрх, SMS -ээс дундын оффисийн 1 сарын эрхийг бэлэглэсэн байна.
WOOLEN STEP
Хөлд эвтэйхэн, хөнгөн, чөлөөт хувцастай нийцсэн зэрэг олон шалтгаанаар залуучууд пүүзийг өдөр тутам өмсдөг. Гэвч манай улсад пүүзэн гутлыг үйлдвэрлэдэггүй тул гадаадын бүтээгдэхүүнийг худалдан авахаас өөр сонголт байдаггүй. Ийм нөхцөлд хонины ноосыг боловсруулж, шинэ төрлийн материал гаргаж, түүгээрээ пүүз үйлдвэрлэх санааг Woolen Step багийнхан гаргасан юм. Улмаар монгол хүний онцлог тохирсон загварыг үйлдвэрлэн импортыг орлох, гадагш гарч буй валютын урсгалыг багасгаж болох энэ санаа хөтөлбөрийн шилдэг төслөөр шалгарч 6 сая төгрөгийн санхүүжилтийн эрхээ хүртэв. Мөн тус багт шүүгч Э.Халиун гарааны хөрөнгө оруулна хэмээсэн нь энэ өдрийн томоохон сюрприз байлаа.